top of page

Мэндчилгээ

Сайхан сэтгэл гэдэг хүний зүрхэнд орших бурхан билээ.

...

rinpoche.jpg

Ажиа гэгээнтэн нь 1950 онд төрсөн Хөх нуурын монгол хүн. Хоёр настайдаа Ажиа гэгээний /Зонхов богдын аавын хойд дүр/ наймдугаар дүрээр тодорсон. Тэрээр Америкийн Нэгдсэн Улсын Индиана мужид амьдардаг бөгөөд Монгол-Төвдийн Буддист соёлын төв хийдийн хамба лам юм.

Эрхэм хүндэт Монгол ахан дүүс ээ,

Алс холын Америкаас та бүхэнтэйгээ мэндчилж байна. Нас бие өндөр гарсан эгэл хувраг би бээр, Төвдийн Хөх нуур аймагт Дээд Монгол үндэстэн болж төрсөндөө үргэлж бахархаж, Монгол нутаг, хүн зоныг сэтгэл зүрхэндээ тээж явдаг билээ.  Дэлхийн улс орнуудад тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд бурхны шавь нар бид өөр өөрсдийн чадах зүйлсээр гар бие оролцож явдаг жишгээр миний бие 2012 оноос хойш Монгол зон олонд чиглэсэн хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

Монголд хэдэн удаа айлчлахдаа хүнд өвчнөөр өвдсөн гэм буруугуй нялхас, өөрөө сурах хүсэл эрмэлзлэлтэй боловч ар гэрийн боломжгүйгээс боловсролгүй хоцорч буй хүүхдүүд, өтөл насандаа ганцаардан мартагдаж, үр хүүхдээсээ, өрөөл бусдаас хараат шахуу болсон буурлуудын талаар сонсож, харсан нь миний сэтгэлийг ихэд өвтгөсөн юм.

Бурхны шашны сургаал нь тэр чигтээ нинжин сэтгэл, оюун ухааныг номлодог бөгөөд Монголчуудын амьдралд бие биеэ дэмжин туслах, нэгнийгээ хүндлэх, ойлгох, билэг оюуныг шүтэх ухаан нэвт шингэсэн байдаг. Тиймээс ч би өдөр бүр уншиж буй Ганжуур Данжуур зэрэг бурхны номоо тэр чигт нь хамаг амьтны тусын тулд сайн үйлд хэрэг болохуйц бодит ажлыг гүйцэтгэх амаргүй ажлыг эхлүүлэхэд зориулсан билээ. Сүсэгтэн  олны  дэмжлэгээр, 2012 онд санаачилсан монгол хүүхдүүдэд эрүүл энхийг бэлэглэх  хорт хавдартай нялхаст зориулсан эмнэлэг төсөл маань амжилттай хэрэгжиж улсад хүлээлгэн өгсөн.

Сэтгэлээ чилээж явдаг дараах асуудал бол сурах авьяас хүсэл эрмэлзэлтэй ч ар гэрийн санхүүгийн асуудал, эрүүл мэндийн асуудал, хүндрэл бэрхшээлээс болж суралцаж чадахгүй байгаа хүүхэд залуус бөгөөд тэдэнд сурах боломж олгохын тулд “Зөв тэтгэлэг сан”-г байгууллаа. Би Монгол хүнийг нинжин сэтгэлтэй,  асар их оюуны нөөц боломжтой гэж итгэдэг. Өдөр бүр та бүхний гудамжинд эсвэл цахим орчинд харж байгаа хүнд хэцүү нөхцөлд өсөж торниж буй бяцхан нэгний ирээдүйг дэмжээд, боловсрол олгоход нь туслаад өгвөл эх орондоо хайртай авьяслаг уран бүтээлч, алдарт улс төрч, эдийн засагч, сайн хүмүүн болно гэдэгт эргэлзэхгүй байна.

"АГНИСТ" төвийг бид ахмадуудын оюун санааны болон биеийн идэвхжилийг дэмжих зорилготой байгуулж байгаа билээ. Ингэснээр ахмадууд маань цагаа зөв өнгөрүүлэх өөрийн гэсэн очих газартай болж байгаа юм. 

"АГНИСТ" төвийг маш олон хүний хандив, тус дэмээр босгож байгаа билээ. Америк, Япон болон өөр улсуудад ажиллаж амьдардаг Монголчууд маань, мөн Тайвань, Япон, Хятад, Буриад, Халимаг шавь нар болон найз нөхөд маань орон зай цаг хугацаанаас үл хамааран дэмжиж ирсэнийг дуулгахад таатай байна.

Бүгдээрээ эрүүл энх байж энэрэнгүй сэтгэлийг түгээж яваарай.

VIII Ажиа Гэгээн

bottom of page